ХУУЛЬЧИЙН ТУХАЙ ШҮЛЭГ П.БАДАРЧ
Өндөр их хуулийн өмнө зул өргөж
Өрөөл бусдад бол буян үйлдэж
Өөртөө бол аянга хурааж яваа
Өөрөө би хуульч хүн
Түмэн хуулийн учрыг ухах гэж
Түүнээс би үнэний учгийг сүвлэх гэж
Түгсэн оддын дунд бол сар шиг
Түймэрсэн, уймарсанд гэрэл болж яваа
Би хуульч хүн
Алтан амины хэрэгтэн гаваа хангинуулж
Адуу малын гэмтэн гараа хэмлэж
Аль л болохгүй, бүтэхгүйг өмнө минь өчиж
Аврал өршөөл эрэх нь үгүйлшгүй бэрх ээ
Төө сөөм ихдэнэ, хуруу ч алдаж болохгүй
Төөрсөн дэнсний нэг л зураас пун алт алддаг юм
Төр, хууль, хүн гурав ширтэлцэх цэгээс
Төвөггүй үнэнийг тунгаах элчээр намайг томилсон юм
Үүл нүүсэн тэнгэр дор хүн төрж
Хууль засаглалсан төр дор хүн амьдарч
Уруутай, өөдтэй орчлонгийн уудамд
Буруутай, зөвтэй мөрөө гаргадаг юм
Гэмгүйг хэлсдүүлсэн хар жилүүдэд
Гэрчгүй өчиггүй буун дуу тасхийхэд
Өр цоолсон нүгэлт шөнөөр тэд хөөрхийс
Өмгөөлөгчийг дуудаадаа гэж гол харладаг юм...
Өршөөл эрсний сэтгэлд гал бадрааж
Өндөр их хуулийн өмнө зул өргөж
Өрөөл бусдад бол буян үйлдэж
Өөртөө бол аянга хурааж яваа
… Би хуульч хүн...
П.Бадарч гуайн уншсанаар нь сонсохыг хүсвэл https://www.youtube.com/watch?v=IFgdJvufNuw орж сонсоорой. :)
Comments
Post a Comment